<Одоогоос яг 10 жилийн өмнө энэ өдөр буюу 2012.08.24-нд Энэрэлийн Түүчээ ТББ үүсгэн байгуулагдсан билээ.
Хөдөлгөөний бэрхшээлтэй хоёр гуравхан хүүхэдтэй, хонгилын өрөөнд хөдөлгөөн засал, хөгжүүлэх сургалтаар эхэлж байсан энэ байгууллага өнөөдөр 10 нас хүрч байна.
Арван жил гэдэг бага хугацаа мэт санагдавч, зуу зуун хүүхэд, гэр бүлийн амьдралд баяр хөөр, гэрэл гэгээ түгээв. Ахиад 10 жил болоход мянга мянган хүнд хүрсэн байх болов уу.
Хоёр гуравхан ажилтан маань 20, 30 болтлоо өсчээ. Хоёр гуравхан өрөө маань өргөжин тэлсээр Хүслийн Ордон тусгай цэцэрлэг, Сургалт-Судалгааны төв, Явуулын үйлчилгээ хэмээх бие даасан нэгжүүд болжээ. Хөдөлгөөн заслаар эхэлсэн үйлчилгээ маань хөгжсөөр сэргээн засах, боловсролын төрөлжсөн үйлчилгээ болж хэдийнээ 300, 400 тусгай хэрэгцээт хүүхдэд хүрсэн байна. Цаашлан эдгээр хүүхдийн эцэг эх, гэр бүлийг мэдээлэл, арга зүйгээр мөн сэтгэл зүйн хувьд дэмжив. Нийгэм дэх тусгай хэрэгцээт хүүхдийн талаар зөв ойлголтыг түгээх олон арван төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, боловсролын байгууллагын олон зуун багш, мэргэжилтэнд сургалт зохион байгуулжээ.
Арван жил гэдэг бага хугацаа мэт санагдавч, зуу зуун хүүхэд, гэр бүлийн амьдралд баяр хөөр, гэрэл гэгээ түгээв. Ахиад 10 жил болоход мянга мянган хүнд хүрсэн байх болов уу.
Адармаантай, амжилттай, аз жаргал, баяр, гуниг, алдаа, оноо сүлэлдсэн арван жилийн эд эс ширхэг бүр нь байсан бүх хүүхэд, гэр бүл, багш, ажилтан, хамтрагч байгууллага, харилцагч, дэмжигч, санхүүжүүлэгч, хурцлагч, хөгжүүлэгч, хөглөгч та бүхэндээ Энэрэлийн Түүчээ ТББ-ын 10 жилийн ойн баярын мэнд хүргэе!