45

Хүүхэд /жил бүр/

15

Багш, мэргэжилтэн

270

Хүүхдэд хүрсэн

5

Хөгжүүлэх хөтөлбөртэй

Хүслийн Ордон тусгай цэцэрлэг

Энэрэлийн Түүчээ ТББ-ын дэргэдэх Хүслийн Ордон тусгай цэцэрлэг нь 2015 онд байгуулагдаж тусгай хэрэгцээт хүүхдийн онцлог, хэрэгцээнд нийцүүлэн тэдний хөгжлийг дэмжих хөгжүүлэх сургалт, сэргээн засахын үйлчилгээг үзүүлсээр ирсэн. Өнөөгийн байдлаар тусгай хэрэгцээт нийт 40 гаруй хүүхэдтэй, дэгдээхэй, бүжин, панда гэсэн 3 үндсэн бүлэг болон хөтөлбөрийн 1 нэмэлт бүлэгтэй, 20 орчим багш, ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Боловсролын болон сэргээн засахын үйлчилгээг хүүхдүүдэд бүлгийн болон ганцаарчилсан хэлбэрээр хүргэж эцэг эхэд зориулан сургалт зохион байгуулан, зөвлөгөө өгч мөн багш ажилчдынхаа мэдлэг, чадварыг тасралтгүй чадавхжуулан ажиллаж байна.

Үйл ажиллагаа

Бид тэгш хамруулах боловсролын үзэл санааг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг эрхэмлэн бусад цэцэрлэг, байгууллагуудтай холбоо тогтоон хамтран ажиллахад бэлэн байна.

Сургалтын үйл ажиллагаа

Сургалтын үйл ажиллагаа нь хүүхдийн танин мэдэхүй, нийгэмшихүй, сэтгэл хөдлөл, хэл яриа, харилцааны чадварыг дэмжин ажилладаг. Тусгай хэрэгцээт хүүхдийн хөгжлийн дэмжлэгийг хэдий чинээ эрт, цогцоор нь, онцлог, хэрэгцээнд нь нийцүүлэн эхлүүлнэ төдий чинээ хөгжих боломжийг нэмэгдүүлнэ.

Хүүхэд юу чадахгүй байна гэдгийг харах бус, эсрэгээр нь юу чадаж байна, юу мэдэж байна гэдгийг олж тогтоох нь маш чухал юм. Бага насны хүүхдийн тархи насанд хүрэгчийн тархинаас 2 дахин хурдан, уян хатан, секунд тутамд хэдэн зуун шинэ холбоос үүсгэдэг тул бид хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгааныг урьтал болгож тархинд шинэ холбоос үүсгэж туршлага хуримтлуулах боломжийг хүүхдэд хязгаарлаж хэрхэвч болохгүй.

Ганцаарчилсан сургалт

Ганцаарчилсан сургалтаар тухайн хүүхдийн хөгжлийн онцлог, хэрэгцээнд илүү нийцүүлэн нөөц чадварт нь тулгуурлан таатай орчинд, хүсэл сонирхлыг хүндэтгэн алхам алхмаар ажилладаг.

Хөгжлийн бэрхшээлтэй гээд олон зүйлийг хүүхдийн өмнөөс хийх нь элбэг. Гэтэл хүүхэд би өөрөө чадаж байна, би хийж байна гэсэн мэдрэмжийг авах нь түүний хөгжилд чухал үүрэгтэй. Учир нь хүүхэд бүрт хараат бус байх хэрэгцээ бий. Хүүхдэд өөрөө үйл хийж, туршиж оролдох эрх бий, үүнийг бид өмнөөс нь шийдэж урдуур нь орохгүй байх нь чухал юм.

Хөгжүүлэх тойрог

Хөгжүүлэх тойрог бол манай цэцэрлэгийн голлох үйл ажиллагааны нэг юм. Жил бүрийн эхэнд бид хүүхдүүдээ хүлээн аваад бүтэн сарын турш ажиглалт, үнэлгээ хийж хүүхэд бүрийн хөгжлийн түвшинг тогтоон, онцлогийг илрүүлдэг. Улмаар цэцэрлэгийн удирдлага, гадаад мэргэжилтэн, багш, сэтгэл зүйч, засалч, нийгмийн ажилтан гэсэн өргөн бүрэлдэхүүн бүхий баг эцэг эхийн дэмжлэгтэйгээр хүүхэд нэг бүрт зориулан хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулдаг.

Энэхүү төлөвлөгөөний дагуу хичээлийн жил дуустал ажиллана. Хэрэгжүүлэх явцад хүүхдэд гарсан ахицыг 1-2 удаа үнэлж шаардлага гарвал төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж сайжруулна. Хамтдаа сурч, хамтдаа хөгжих хамгийн бодит зам бол хүүхэд хөгжүүлэх төлөвлөгөө юм.

Сэргээн засах үйл ажиллагаа

“Намайг хийж чадах хүртэл надад туслаач” уриан доор манай сэргээн засах баг өдөр тутамдаа сэргээн засах эмчийн заавар, хяналтад хөдөлгөөн засал, хөдөлмөр заслыг хүүхдүүдэд хүргэж байна.

Бага насны тусгай хэрэгцээт хүүхдэд хөдөлгөөн, хэл яриа, харилцаа, бие даан амьдрах чадварын хүрээнд онцлог, хэрэгцээ, сонирхолд нь тулгуурлан хөгжлийн зорилгыг тодорхойлж, цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаанд, анги танхимд төдийгүй гэрт нь гэр бүлийн орчинд цогц дэмжлэгийг хэрхэн хүргэх тал дээр ажилладаг. Сэргээн засах үйл ажиллагааны явцад хүүхдийн ахицыг ажиглан аливаа өөрчлөлтөнд хяналт тавина.

Эцэг эхийн хөтөлбөр

Бие сэтгэл, оюун ухаан, хэл яриа, харилцаанд тулгарах бэрхшээлийг даван туулж, хүүхэд өөрийн чадварыг хөгжүүлэхэд эцэг, эх, гэр бүлийн оролцоо, дэмжлэг чухал үүрэгтэй.

Манай цэцэрлэгт хэрэгжүүлж буй аливаа үйл ажиллагаа, хөгжлийг дэмжих сургалтууд нь багш, эцэг эхийн нягт уялдаа холбоо, мэргэжлийн багийн хамтын ажиллагаанд тулгуурладаг.

Өөрийн хүүхдийн онцлог хэрэгцээг таниж тохирох арга барилаар хүүхдийнхээ хөгжлийг дэмжин ажиллах тал дээр бид эцэг эхэд зөвлөгөө өгч, төрөл бүрийн сургалт зохион байгуулан, хамтарч төлөвлөгөө боловсруулж тэдний идэвхтэй оролцоог сэдэлжүүлсээр байна.

Гадаад мэргэжилтэн

Тусгай хэрэгцээт хүүхдийн хөгжлийг дэмжин илүү чанартай үйлчилгээ, илүү чадавхжсан мэргэжлийн боловсон хүчинтэй боловсролын байгууллага байхын тулд гадны мэргэжлийн байгууллагуудтай нягт холбоотой ажилладаг. Тасралтгүй гадаад мэргэжилтнүүдийг урин ажиллуулах боломж бүрдсэнээр дэлхий нийтийн чиг хандлагаас хоцролгүй мэдээлэл, сургалт, зөвлөгөө аван чадавхжин хөгжиж байна.

Жил бүр Герман, Австри, Щвейцарийн хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, тусгай хэрэгцээт боловсролын багш, сурганы мэргэжилтнүүд урт болон богино хугацаагаар ирж ажиллан хүүхэд хөгжил болон багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд гүн туслалцаа үзүүлдэг.

Олон нийтийн арга хэмжээ

Нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулагдах олон нийтийн арга хэмжээнд хүүхдүүд, эцэг эхийг идэвхтэй хамруулан мөн дотооддоо эцэг эх, багш, хүүхдийн хамтарсан олон арга хэмжээ зохион байгуулж баяр ёслолыг тэмдэглэн тухайн хүүхдэд нийгмийн нэг хэсэг гэдгийг мэдрүүлж оролцоотой байлгахыг эрмэлздэг. Навч шарлаж намар ирэхэд “Алтан намар” тэмдэглэж Цас будран өвөл айлчлахад “Хүслийн шинэ жил”-ээ зохион байгуулан Мөс хайлж цан түрэх цагаар “Дээлтэй Монгол”-оороо гоёсоор Урин хавраа угтан “Үлгэрийн баатрууд амилсан нь” Уулзахын ерөөл тавин “Эх үрсийн баяр”-аар бүтэн жилийн арга хэмжээнүүд өндөрлөнө.