Урлан хөтөлбөр

Урлан хөтөлбөр нь оюуны бэрхшээлтэй залуус болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхэд зориулан дэмжлэгт ажлын байрыг бий болгох зорилготой бөгөөд Энэрэлийн Түүчээ ТББ-ын үйл ажиллагаа тасралтгүй өрнөхөд голлох үүрэг гүйцэтгэдэг. Нарийн ур чадварыг хүүхдийн төлөөх сэтгэлтэй хослуулан бага насны хүүхдийн тархины хөгжлийг дэмжих, гэр бүлийн хамтын үйлийг цэцэглүүлэх, мэргэжилтнүүдийн хичээл зүтгэлийг баяжуулах төрөл бүрийн бүтээгдэхүүнийг даавуу, ноосон материалаар нэг бүрчлэн гараар урлаж хайраар бүтээж байна.

Анх зоорийн өрөөнд ээжүүд эсгий шаахай урлахаас эхэлж байсан бол өнөөдөр даавуун ном, баг, хуруу тоглоом, түлхүүрийн оосор гэх мэт 15 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй болсон.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ялангуяа оюуны бэрхшээлтэй залуусын онцлог хэрэгцээнд тохирох ажлын байрыг бий болгох, тэдний боловсролыг дэмжин мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь ядуурлыг бууруулах чухал алхам болно.

Нэг талаас оюуны бэрхшээлтэй залуусын хөдөлмөр эрхлэлтийн дэмжих нь тэднийг нийгэмшүүлж, бие даах чадварыг хөгжүүлэх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх асран хамгаалагчдад ажил, хөдөлмөр эрхлэх боломж нээгдэж хүн амын амьжиргааны түвшин дээшлэн ажилгүйдэл буурахад нөлөөлнө.

Нөгөөтэйгүүр нярай, балчир насны эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ээжүүд бүтэн цагийн ажил хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал байдаг. Энэ нь эргээд ээжүүдийн сэтгэл зүйн байдалд сөрөг нөлөө үзүүлж зан байдал өөрчлөгдөх, амархан стрессдэх цаашлан сэтгэл гутралд орох ч аюултай.

Ээжүүд энэ хугацаанд богиносгосон цагаар тодорхой хэмжээнд ажил эрхэлж өөрийгөө хөгжүүлэн хөдөлмөрийн харилцаанд идэвхтэй оролцох нь ээжүүдийн сэтгэл зүй, тухайн гэр бүлийн амьдралд цаашлан нийгмийн сэтгэл зүй, амьжиргааны төвшин сайжрахад эерэг үр дүнтэй байна.

Дээрх зорилгод шат дараалан хүрэхийн тулд Энэрэлийн Түүчээ ТББ нь хөгжлийн бэрхшээлтэй эсвэл балчир насны хүүхдийн ээжүүдийг нэгтгэн оюуны бэрхшээлтэй залуусын хамт харилцан бие биенээ дэмжин ажиллах дэмжлэгт ажлын байрыг бий болгох хөтөлбөр хэрэгжүүлэх болсон.

Энэ хүрээнд бид төрөл бүрийн бүтээгдэхүүн урлаж дотооддоо төдийгүй гадаадад нийлүүлж зорилтот бүлгээ дэмжин ажиллаж байна.

Манай бүтээгдэхүүнийг сонирхсон хувь хүн, байгууллага бидэнтэй холбогдож захиалга өгөх боломжтой бөгөөд энэ нь эргээд оюуны бэрхшээлтэй залуус, тэдгээрийн гэр бүл мөн олон арван ээжүүд, хүүхдүүдэд үзүүлэх дэмжлэг болох болно.